PostsӨөр өнгө

Өөр өнгө

11 min read·Mar 10, 2026
Өөр өнгө

Нүдэнд харагдаж буй үй олон өнгө үнэндээ улаан, шар, хөх гэсэн гуравхан суурь өнгөнөөс бүтдэг гэдэг. Олон бизнес эрхлэгчидтэй уулзаж, амжилт уналтын түүхийг нь сонссон сэтгүүлч миний хувьд ч бизнес хэмээх ертөнц цөөн хэдэн үндсэн зарчим дээр тогтдог мэт санагддаг. Эрсдэлээс эмээлгүй алхах гал улаан эрмэлзэл, алдаа уналтаас төрсөн ухаарал, замналын туршид учрах хүмүүс, хамтын үнэ цэн. Энэ бүхэн нийлж өсөлтийг бүтээдэг.

Аливааг бүтээж туурвих хүсэл дотроо тээж явсан нэгэн эрхэм тэр л өнгөнүүдийг замналдаа шингээж, эцэст нь өөрийн гэсэн олон өнгийн бизнесийг бий болгожээ. Түүний түүхийг гурван суурь өнгийн бэлгэдлээр уншигч танд хүргэе.

Хөдөлж эхлэхээс нааш алсын хараа бол зүгээр л хий хоосон зүйл

Амьдралынхаа хамгийн тогтвортой замаас хазайж, тодорхойгүй ирээдүй рүү алхам хийх шийдвэр хүн бүрийн дотор тэр бүр багтаад байдаггүй. Тодорхой ажил, тогтвортой мэргэжил, карьертай хүн ер нь яах гэж ч тийм эрсдэлд өөрийгөө унагах билээ? 

“Инженер хүн улсаа хөгжүүлдэг” гэх итгэлээр өссөн тэрбээр уул уурхайн тоног төхөөрөмжийн чиглэлээр анхны ажлын гараагаа эхэлжээ. Салбартаа хөлөө олж, тогтвортой зам руу орж эхэлж байсан тэр аль нэг системийн дотор ажиллах уу, эсвэл өөрөө систем бүтээх үү гэсэн асуултад хариу хайсаар байжээ. “Уул уурхайгаас утас, зүүний салбар руу” эргэлт буцалтгүй шилжсэн тэр үе бол 2013 он. Тэрбээр тухай үеийг “Аав маань эрдэм ном сайн сур, чи улсаа хөгжүүлнэ шүү” гэж байнга захидаг байсан. Энэ ч утгаараа би инженер хүн улсаа хөгжүүлдэг юм байна гэж боддог байлаа. Гэхдээ хөгжлийн шийдвэрийг би дангаараа гаргахгүй юм билээ. Тэр шийдвэрийг эрх мэдэлтэй хүмүүс тодорхойлж, шийддэг учир төвөгтэй, удаан санагдаж эхэлсэн. Манайд дэлхийд нэртэй олон эрдэмтэн, инженер бий. Гэхдээ “Яагаад хөгждөггүй юм бэ?” гэх асуулт урган гарч ирсэн” хэмээн дурссан юм. 

Ингээд тэрбээр хувийн бизнесээ эхлүүлэхээр Өмнөговийн Ханбогд сумд 128 MB хурдтай интернэттэй, мэдээлэл хомс орчинд хувцас хэвлэлийн салбарыг судалж эхэлжээ. Олон хүнд энэ нь санамсаргүй сонголт мэт сонсогдож болох ч үнэндээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрмэлзэлтэй хүний хувьд стратегийн алхам байв. Дэлхийд асар том хэмжээнд хөгжсөн хэр нь Монголд стандарт, нэгдсэн үйлчилгээ, чанарын ойлголт сул байсан энэ салбарт боломж байна гэж тэр харжээ. Нэг үгээр, хөгжөөгүй орчин бол зарим хүнд эрсдэл мэт харагддаг бол заримд нь бүтээх боломж аж. Удалгүй Шанхайд зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнд оролцож, дэлхийн хэмжээний үйлдвэрлэгчдийн ажиллах арга барилыг харсан нь түүнд чиглэлээ эцэслэн сонгох шийдвэрийг өгчээ. Тус мөчид тэр бизнес эхлүүлэхээр шийдээгүй, харин өөрийн замыг өөрөө зурж эхлэхээр шийдсэн мөч байв. Гэхдээ Ханбогдод ахтайгаа хамт байгуулсан авто үйлчилгээний бизнес уул уурхайн салбарын агшилтаас үүдэж үүдээ барьжээ. Гэсэн ч тэр буцах тухай бодсонгүй. Хотод найзындаа хагас жил гаруй амьдарч, мэргэжлээрээ ажиллах олон санал ирсэн ч татгалзсаар байв. Учир нь өнөөх л мөрөөдөл. 

Төслөө дахин дахин бичиж, хөрөнгө оруулагч хайж, олон хаалга тогшжээ. Салбарын ойлголт дутмаг, “жижиг үйлчилгээ” гэж хардаг хандлага түүнд хамгийн том саад болж байв. Өөрөөр хэлбэл, зах зээлд байхгүй зүйлийг ойлгуулна гэдэг өөрөө түүний бизнесийн эхний сорилт байв. Ингээд 2016 онд гурван найзынхаа хамт 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ногоон төгөл” хотхоны подвалоос бизнесээ эхлүүлсэн нь ST компанийн анхны бодит эхлэл байв. 

Гэхдээ эхэн үед бүх зүйл төсөөлсөн шиг нь романтик байсангүй. Түрээс, түүхий эд, цалин, эргэлтийн хөрөнгө, татвар зэрэг асуудалтай тулгарч,  бизнес гэдэг зөвхөн сайн санаагаар бүтдэггүйг тэр гүн ойлгожээ. Таксинд хүртэл явж, ажилчдынхаа цалинг тавьж байснаа тэр ярилцлагын үеэр дурсаж байсан юм. Харин энэ бүх хугацаанд өөрчлөгдөөгүй нэг зүйл нь чанарын тухай зарчим байлаа. Түүний хувьд хэвлэл бол “лого наах үйлчилгээ” биш, байгууллагын үнэ цэнийг илэрхийлэх нарийн инженерчлэл аж.  Тэр үеийн Монголын хувцас хэвлэлийн орчин подвалын үйлчилгээ, стандартгүй ажиллагаатай, хэн ч эхлүүлж, дуртай үедээ орхиж болдог савлагаатай зах зээл байжээ. Харин ST үйлчилгээний процессыг нэг дор төвлөрүүлж, чанар, орчны тав тух, мэргэжлийн хандлагаар ялгарч эхэлжээ.

Эхлэл ийм байсан. Эрсдэл, зээл, итгэл дээр босож, хөгжөөгүй зах зээлд хөгжлийн зураг зурж эхэлсэн үе. Улаан өнгөөр дүрслэх энэ цаг хугацаа бол зөвхөн бизнесийн эхлэл биш  өөрийн амьдралын философийг бодитоор туршиж үзсэн үе аж. Нэг үгээр, зарим хүмүүс бизнес эхлүүлдэг. Харин зарим нь өөрийн итгэл үнэмшлийг бизнес болгон бүтээдэг.

Өсөлт биш уналт бизнесийг эрийн цээнд хүргэдэг 

Анхны хөрөнгө оруулалт орж ирэхэд бүх зүйл хурдан бүтнэ гэж бодсон нь түүний хамгийн том эндүүрэл байв. Тэрхүү мөнгөтэй хэр нь өсөлтгүй үеэ  “Хөрөнгө оруулалт бүх зүйл сайхан болно гэж бодсон ч, илүү олон асуудлын эхлэл байсан. Мөнгө орж ирэх нь санааг бодит болгох боломж өгдөг ч бизнесийг тогтвортой болгох баталгаа биш юм байна гэдгийг надад ойлгуулсан” хэмээн тайлбарласан юм.

Тэр захиалга тогтворгүй, түүхий эдийн эргэлт удаан, хүний нөөц тогтворгүй, хэрэглэгчийг хэрэглээнд сургах гээд энэ бүхний дунд бизнесээ авч үлдэх хэрэгтэй байв. Нөгөө талаараа, хөрөнгө оруулагчдын нүдээр бол энэ нь хэтэрхий эрсдэлтэй, бүр галзуу санаа мэт санагддаг байсныг мөн онцолсон юм. Өнөөдөр ч нөхцөл төдийлөн өөрчлөгдөөгүй. Монголд жижиг үйлдвэрлэлд итгэх хөрөнгө оруулагч цөөн, дээрээс нь хувцас хэвлэлийн салбарын ойлголт сул хэвээр. Энэ үед тэр зах зээлд байхгүй зүйл хийх гэж буй хүн эхлээд бүтээгдэхүүнээ биш, итгэлийг бий болгох ёстой гэдгийг гүн ойлгожээ. 

Хамгийн гол нь тэрбээр хүнд үеүдийн дунд бизнес ганц хүний чадвараар өсдөггүй, харин олон хүний итгэлцэл дээр тогтдог гэдгийг мэдэж авчээ. Яг энэ үед түүний компанид part-time хэлбэрээр орж ирсэн санхүүгийн мэргэжилтэн У.Баярхүү аажмаар багийн нэг хэсэг болж, улмаар компанийн дотоод системийг хамтдаа бүтээх зам эхэлсэн байна. Анх долоо хоногт хэдхэн цаг ажиллахаар ирсэн тэр хүн аажмаар компанийн дотоод философийг ойлгож, улмаар бүтэн цагаар хамтран ажиллах болсон нь бизнесийн замналд том өөрчлөлт авчирчээ. Түүний үздэгээр “Хамтрагч гэдэг зөвхөн хувь эзэмшигч эсвэл хөрөнгө оруулагч биш. Харин нэг зорилгыг хамтдаа харж чаддаг, ижил үнэт зүйлтэй хүн” аж. Олон удирдагч бизнесээ халдашгүй нууц мэдээлэл мэт хадгалж, багтайгаа бүрэн хуваалцахаас эмээдэг бол тэр эсрэгээрээ, ирээдүйн төлөвлөгөө, боломж, эрсдэлийг хүртэл хамт олонтойгоо нээлттэй ярилцдаг байна.

Ялангуяа хамтрагчдадаа бизнесийнхээ үнэт зүйлийг тодорхой ойлгуулж чадсан байгууллага дотооддоо илүү бат бөх, гаднаа илүү итгэл төрүүлдэг. Энэ талаар тэрбээр “Компанийн үнэ цэнийг ойлгосон хамтрагч шийдвэр гаргах үедээ зөвхөн ашиг, алдагдлаар бус, компанийн урт хугацааны зорилготой уялдуулж сэтгэдэг. Энэ нь богино хугацааны ашигт тулгуурласан эрсдэлтэй шийдвэрээс зайлсхийж, нэг чиглэлд урагшлах боломжийг бүрдүүлдэг. Бизнесийн философи тодорхой байх тусам баг доторх үл ойлголцол багасаж, стратегийн нэгдмэл байдал нэмэгддэг” хэмээн тайлбарласан юм.

“Мерч бол логотой цамц биш, брэндийн философийг өдөр тутмын хэрэглээнд шингээсэн бүтээгдэхүүн.”

Мөн нэгэнт тухайн компанийн үнэ цэнийг ойлгосон хүн зөвхөн өөрийн үүргээ биелүүлэх бус, компанийн нийт амжилтад хувь нэмрээ оруулж буйгаа мэдэрдэг. Энэ мэдрэмж нь итгэлцлийг бий болгож, ажлын орчныг илүү ил тод, хамтын шийдвэр гаргалттай болгодог байна. Итгэлцэл бий болсон баг богино хугацаанд бус, олон жил хамтдаа өсөх суурь болдог. У.Баярхүүтэй хамтран ажиллаж эхэлснээр бизнесийн өдөр тутмын эмх замбараагүй байдал аажмаар системтэй бүтэц рүү шилжиж эхэлжээ. 2019 оноос эхлэн бизнес систем бүтээх оролдлогууд хийгдэж эхэлсэн нь уналтаас авсан хамгийн том сургамжийн үр дүн байлаа. Ажилтнууд хэнд ямар мэдээлэл дамжуулах, аль захиалга хэрхэн эргэх, процессыг системд нэгтгэж эхэлжээ. Энэ өөрчлөлт гаднаас харахад энгийн мэт боловч бизнесийн амьдралд маш чухал амь тариа юм. Учир нь бизнес эзний энерги, сэтгэл хөдлөлөөс хамаарч ажиллах үед өсөлт хязгаарлагддаг. Харин систем бий болсноор компани эзнээсээ томорч эхэлдэг.

Одоо тэд хурдан өсөхөөс илүү тогтвортой байх, их мөнгө олохоос илүү үнэ цэн үлдээх тухай бодож эхэлж буй.  

Хөх өнгийн үе бол илүү бодит, илүү тайван болсон үе. Эрсдэлийг романтикаар бус тооцоотойгоор харах, хурдан шийдвэр гаргасан ч алдаагаа давтахгүй байх, уналтыг хувь хүний өсөлт болгож харах философи нь энэ үед төлөвшсөн. Учир нь уналт бол амжилтын эсрэг тал биш, харин дараагийн шатанд гарахын өмнөх зайлшгүй шалгуур.

Ганцаараа биш, хамтдаа гэрэлтье

Нар өөрөө гэрэлтэхдээ бусдыг ч бас гэрэлтүүлдэг. ST-ийн энэ үе ч яг үүнтэй адил нэг компанийн амжилтаас илүү, хамтдаа өсөх боломжийг бүтээж эхэлсэн цаг үе юм.

Өнөөдрийн ST бол зөвхөн хэвлэл хийдэг компани биш, мерчиндайз ба үйлдвэрлэлийн экосистемийг салбартаа анхлан нутагшуулсан байгууллага болж өөрчлөгджээ. Энэ өөрчлөлтийн гол түлхүүр нь хамтрагчид, олон улсын орчин, тэр дундаа БНХАУ-д байгуулсан үйлдвэрийн түүх юм. Бизнес эхэндээ жижиг захиалга, өдөр тутмын асуудлууд дунд амьдардаг бол тодорхой нэг үеэс эхлэн “бид яг ямар тоглоомын талбай дээр байна вэ” гэдгээ ойлгох шаардлагатай болдог. ST-ийн хувьд тэр талбай нь Монголын зах зээлээс давж, олон улсын сүлжээ рүү шилжсэн явдал юм. Нэг үгээр, тогтвортой систем, үнэ цэн хорших хамтрагчтай болж чадсан ямар ч бизнес шат ахихыг хүсдэг. Мэдээж салбар хөгжихгүй бол нэг компани ганцаараа байгаад хол явахгүй. Монголын бизнесийн орчинд түгээмэл байдаг амь амиа хичээх хандлага урт хугацаанд нийт салбарыг сулруулдаг. Өрсөлдөгч бус, экосистемийн оролцогчид гэж харах сэтгэлгээ нь бизнесийг өөр түвшинд хүргэдэг болохыг олж харжээ.

Үнэндээ хувцас хэвлэлийн салбар дэлхийд томоохон үйлдвэрлэлийн зах зээлд тооцогддог. Харин Монголд энэ ойлголт хангалттай нутагшаагүй хэвээр байна. Тэр ч бүү хэл аль яам, институтийн бодлогын хүрээнд бүрэн хамаарч, системтэй дэмжлэг авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, салбарын хөгжилд чиглэсэн бодлого, институтийн анхаарал дутагдаж байна гэж ойлгож болно. Нөгөө талаар манай бизнесийн орчинд түгээмэл ажиглагддаг нэг сул тал нь хамтрах эрмэлзэл. Хоёр, гурван компани нэгдэн кластер хэлбэрээр ажиллаж чадвал үйлдвэрлэл, тэр дундаа хувцас хэвлэлийн салбар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Хятадын зах зээлтэй өрсөлдөхгүй байлаа ч үндэсний түвшинд тогтвортой экосистем бүрдүүлэх бүрэн боломж бий.

Мөн чанарын нэгдсэн стандарттай, нэг ижил түвшинд 1000 гаруй захиалга үйлдвэрлэх чадвартай газруудаа хэрэглэгчид төдийлөн сонгодоггүй нь асуудал болж байна. Үүний оронд БНХАУ-аас захиалах, эсвэл чанарын шаардлага хангахгүй үйлчилгээ сонгосноор хэрэглэгчид өөрсдөө эрсдэл хүлээдэг. Нийслэлийн замын ачаалал, түгжрэл ч үйлдвэрлэгчдийн хоорондын хамтын ажиллагааг хүндрүүлдэг хүчин зүйлсийн нэг. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын бэлэн бүтээгдэхүүний үнэ ханш олон талаар ойртож эхэлсэн. Ийм нөхцөлд дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчид гаднаас орж ирж буй панз худалдаатай өрсөлдөхөд улам хэцүү болж байна. Гэхдээ манайд үйлдвэрлэсэн зарим захиалгат бүтээгдэхүүн үнэ, чанарын хувьд илүү давуу гарах тохиолдол цөөнгүй. Жишээлбэл, өөрийн загвараар 10 ширхэг хувцас дотоодын үйлдвэрлэгчээр хийлгэх өртгөөр Хятадад ижил захиалга өгөх боломж бараг байдаггүй. Олдсон ч хийж өгөхгүй, хийсэн ч илүү өндөр үнэтэй тусах магадлалтай.

Хятад түншүүдийн хэлдгээр тэнд үйлдвэрлэл худалдаанаасаа илүү ашигтай салбар гэж үздэг. Харин манайд эсрэг дүр зураг ажиглагддаг. Үйлдвэрлэл нь худалдаанаасаа бага ашигтай, үйлдвэрлэгчид тогтвортой ажиллахын тулд ‘хоёр идэхгүй, хоосон хонохгүй’ гэсэн түвшинд л явж байна.

Тэдний хувьд Монголд төдийгүй Хятадын Гуанжоу хотод үйлдвэрээ байгуулсан нь зах зээлээс зугтсан алхам биш, харин экосистемийн төв рүү орсон шийдвэр байв. Даавуу, материал, будгийн технологи, логистик нэг дор төвлөрсөн орчинд ажиллах нь хугацаа, зардал, чанарын хувьд огт өөр түвшинд гарч буй. Түүний бодлоор бизнесийг зөвхөн гэрээ, үнэ, ашиг гэсэн гурван үгээр ойлговол хэтэрхий богино хугацааны тоглоом болж хувирдаг. Контракт бол харилцааны төгсгөл биш, харин эхлэл. Хүмүүс эхлээд бие биедээ итгэж, дараа нь хамтран ажиллах шийдвэр гаргадаг орчинд бизнес урт настай болдог. Ялангуяа Хятадын бизнесийн соёл дунд ажиллаж эхэлснээр энэ ойлголт илүү тодорчээ. Тэнд захиалга ирэхэд шийдвэр хурдан гардаг нь зөвхөн системийн хурд биш, өмнө нь бий болсон харилцаанд суурилсан итгэлцлийн үр дүн байдаг аж.

Энэ философи зөвхөн олон улсын түншлэл дээр биш, дотоодын зах зээл дээр ч адил үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, ижил салбарт ажиллаж байгаа хүмүүс хоорондоо өрсөлдөхөөс гадна нэгнээ дэмжиж сурах ёстой. Нэг нь өсвөл нөгөө нь унадаг биш, салбар бүхэлдээ тэлж байж л жинхэнэ боломж бий болно. Монголын бизнесийн орчинд түгээмэл байдаг “би л түрүүлж гарах ёстой” гэсэн сэтгэлгээ богино хугацаанд ашиг авчирч болох ч урт хугацаанд зах зээлийг жижиг хэвээр үлдээдэг гэж тэр үздэг. Иймээс өрсөлдөгчөө хүртэл экосистемийн оролцогч гэж харах хандлага нь ST-ийн өсөлтийн гол ялгарал болжээ.

“Бизнес ганц хүний чадвараар өсдөггүй. Харин олон хүний итгэлцэл дээр тогтдог.”

Гуанжоу дахь үйлдвэр нь зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэх зорилготой биш. Монголд жижиг хэмжээний захиалгаар хязгаарлагддаг байсан бизнес одоо олон улсын захиалга гүйцэтгэх чадвартай болж, Казахстан, Узбекистан, Малайз, Франц, НҮБ-ын төсөл зэрэг харилцагчидтай ажиллах боломж нээгджээ. 

Энэхүү шар хэсгийн хамгийн гол ойлголт нь мерчиндайз. Мерч бол логотой цамц биш, харин брэндийн философийг өдөр тутмын хэрэглээнд шингээсэн бүтээгдэхүүн. Beatles, Supreme, Harry Potter зэрэг жишээнээс харахад мерч нь зөвхөн борлуулалт бус соёлын нөлөөлөл, хамтын үнэт зүйлийг илэрхийлж чаддаг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, хүн тухайн брэндийн бүтээгдэхүүнийг өмсөхдөө зөвхөн загвар сонгодоггүй, харин нэг үзэл санаанд нэгддэг. ST өнөөдөр зөвхөн хувцас нийлүүлэх биш, концепц нийлүүлэх зорилттой ажиллаж байна. Гуанжоу дахь салбарыг хариуцаж буй Б.Жаннагийн загварын мэргэжлийн суурь, олон улсын орчинд ажилласан туршлага энэ шилжилтэд хүчтэй нөлөө үзүүлжээ. Байгууллагын соёл, багийн уур амьсгал, брэндийн үнэт зүйлд тохирсон мерч санал болгох нь тэдний бизнесийн дараагийн шат болж байна. 

“Бизнес эзний энерги, сэтгэл хөдлөлөөс хамаарч ажиллах үед өсөлт хязгаарлагддаг. Харин систем бий болсноор компани эзнээсээ томорч эхэлдэг.”

Эцэст нь түүний хувьд бизнес гэдэг эрх чөлөөний тухай ойлголт. Цалингийн орлого мөрөөдөлд хүргэхгүйг тооны машин дээр бодож үзээд бизнес рүү орсон гэдэг. Гэхдээ эрх чөлөө ганцаараа амжилт олох тухай биш хамтдаа өсөх замнал юм. Ажилчид хөгжвөл компани хөгжинө, салбар хөгжвөл компани өөрөө өснө, улс хөгжвөл бизнесийн боломж нэмэгдэнэ. Шар өнгийн энэ үе яг л нар мэт. Өөрөө гэрэлтэхээс илүү бусдыг гэрэлтүүлж байж орон зайг бүхэлд нь өөрчилсөн тухай.

Өнөөдөр ST-ийг харахад энэ нь нэг хүний зоригтой, томоогүй алхмаас эхэлж, уналтаар дамжин системд суралцаж, эцэст нь хамтын өсөлт рүү чиглэсэн бизнесийн түүх болсон байна. 

Written by Ц.Хонгор